Владимир Немирович-Данченко

Владимир Немирович-Да́нченко (орос. Влади́мир Ива́нович Немиро́вич-Да́нченко, 1858 оны 12-р сарын 23-нд Оросын хаант улсын Кутаиси мужийн Озургети хотод төрж, 1943 оны 4-р сарын 25-нд Москва хотод нас барсан) — Оросын болон Зөвлөлтийн театрын зүтгэлтэн болон найруулагч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, театрын шүүмжлэгч. ЗХУ-ын Ардын жүжигчин (1936), Сталины нэрэмжит 1-р зэргийн шагналтан (1942, 1943), Лениний одонт (1937).
1898 оны 10-р сард Константин Станиславскийн хамт Москвагийн уран сайхны театрыг үүсгэн байгуулжээ.
В.Немирович-Данченко Тифлисийн гимназид суралцаж, 1876 онд мөнгөн медальтай төгсөөд Москвагийн Их Сургуулийн Физик-математикийн факультетэд элсэн орж, дараа нь хуулийн тэнхимд шилжсэн боловч 1879 онд сургуулиа төгсөлгүй орхисон ажээ.
1877 оноос тэрээр театрын шүүмжлэгчээр сэтгүүлүүдэд нийтлэл, тойм, шүүмж нийтэлж эхэлсэн байна.
1881 онд анхны «Хадааст ургамал» (орос. Шиповник) жүжгээ бичиж жилийн дараа "Малый театр"-т тавьсан ажээ. Тэр жилддээ «Шуудангийн өртөөн дээр» (орос. На почтовой станции) өгүүлэгээ хэвлүүлжээ.
1891 онд "Утга зохиолоор талхаа олох нь" роман хэвлэгджээ. Дараа нь “Манан” (1894), “Хуучин байшин” (1895), “Захирагчийн шалгалт” (1896), “Хөшигний цаадах жүжиг” (1896), “Зүүднүүд” (1898), “Эцсийн гэрээс”, “Шинэ хэрэг”, “Алт”, “Амьдралын үнэ цэн”, “Мөрөөдөл дотор” зэрэг өгүүллэг, романууд хэвлэгджээ. Эдгээр жүжиг нь маш их алдартай байсан бөгөөд Александрины, Малый театрууд, түүнчлэн мужийн театруудад тавигдаж байжээ.
1917 оны Оросын Октябрийн хувьсгалын дараа тэрээр театруудын удирдах дээд байгууллага болох "Төв театр"-ын гишүүн болж, "Театрын урлаг" (орос. Культура театра) сэтгүүлийг үүсгэн байгуулагч, редакторуудын нэг болжээ.
1919 онд тэрээр Москвагийн урлагийн театрт хөгжмийн студи байгуулжээ. 1925 онд студи Европ, АНУ-д амжилттай аялан тоглолт хийж жил гаруй Холливуудад гэрээгээр ажилласан байна.